Thursday, July 02, 2009

Доржзовдын Энхболд "Жаргалмаа"

Дэндэв юунаас ч болсныг бүү мэд гэнэт сэржээ. Гэрт нь жавар хургаж дух зулай руу нь сэрүү татна. Хотон дахь малаа ямар нэгэн юм болсон байх вий хэмээн чимээрхэн чагнаархвал нам гүм. Зүүн урд зүгт хүрэн шарынх нь хүүгэтэл амьсгал татах нь даавуу цуулах мэт тод сонсогдоно. Энэ ч гарцаагүй гявантай мал юм даа гэж бодлоо. Гявантай үхэр ийнхүү хөр цасан дээр хэвтдэг, хэвтрийг нь үзвэл цас ногоон туяатай болж хайлмагтсан байдаг гэж сонинд бичсэнийг уншаад хүрэн шарынхаа хэвтрийг очиж үзвэл нээрэн л ногоон туяатай болчихсон байсан сан. Тэгсэн үхрийн гяван гэдэг асар үнэтэй түүхий эд гэсэн сонины үсэг харагдах шиг болоод хүрэн шараа хайрлахдаа нулимс нь гарахаа шахжээ. Юуных нь түүхий эд байхав дээ. Ээж нь яалаа даа. Хэдэн жил зовж шаналан явснаа цөснөөсөө шүдэнзний толгойн чинээ хоёр гурван чулуу авахуулсан, мэс заслаас гарч ирээд тэнхэртлээ мөн ч зүдэрч билээ. Тэгтэл тэр муу үхээрийн гурван чулуу хүний гяван болох нээ. Мөн ярьдаг улс шүү. Эмч залуу тэр чулуунуудын нэгийг хямсаагаар чимхэн байж харуулаад "За ээжийн чинь зовлон энэ дээ. Энэ л цөсний амыг таглаад зовоогоод байж. Одоо айлтгүй ээ" гэж инээмсэглэн хэлсэн сэн. "Харин энэ одоо бол зовлон биш, ердийн л нэг алаг чулуу. Ээжийн минь биед байсан юм даа гэж бодоод авч хадгалбал хадгал, гаргаад хаячихвал ч хаячих, юутай ч хүүд нь өгчихье" гээд Дэндэвт өнөө гайтмаруудыг өгч билээ. Дэндэв тээнэглэзсэн авч тайлбар тавьж чадсангүй аваад л даалиндаа хийчихжээ. Анхандаа хаячихъя гэж бодсон боловч нэг л болсонгүй явсаар л байж. Ижийгээсээ хойш хаячих вий гэхээс л байн байн гаргаж үздэг болж билээ. Түүнийгээ Хандармаад ч үзүүлээгүй. Харин Жаргалмаа бол мэддэг байсаан.
Жаргалмаа... Дэндүү айвуу тайвуу, дэндүү налгар наазгайдаа Дэндэвийг Хандармаад алдсан даа. Өглөөнөөс үдэш болтол үсээ ч нэг олигтойхон илчихгүй, бүсээ ч чангалаад бүсэлчихгүй, нэг л үлхийсэн юм явдагсан. Хэдэн хүүхэдтэйгээ ноороод л, миний заяа тавилан оногдсон газар энэ дээ гэсэн шиг гэрийн зүүн талд явган сандал дээр эргэлдэн цай юүхэн хээхэн зэхэж уймарсаар өдрийг барна. Дэндэвийг шөнө дөлөөр орж ирж байхад ч хүний урманд хаачаад ирэв гэж асуухгүй гүн нойронд авьчихсан унтаж л хэвтэх. Хүний сэтгэл гэдэг өдөр өдрөөр хувирч, алд алдаар хулждаг ажээ. Дэндэв анхандаа хөөрхий минь ядарч дээ гэж боддог байснаа нэг л мэдсэн "Хн, үхэн алдаад байж байгааг нь" гэж боддог болчихсон байж билээ. Жаргалмаа жаргал даасангүй. Хувьтайгаараа Хандармаа жаргалын эзэн болсноор тэр гурвын дундах нууц зөрөг төгсгөлдөө хүрсэн билээ.
Хэдэн сарын өмнө Жаргалмаагийн бие муудаж, хот хүрээ рүү эмнэлэг бараадан явлаа гэж сонссон авч газар холдоод очиж чадсангүй. Өнөө хэдэн хүүхэд яаж шуу байдаг бол доо гэж оройдоо санаашран бодовч төдөлгүй Хандармаагийн хайр энхрийлэлд автаад мартагнаж, гүн нойрондоо автана. Тэгээд ч намар эртэлж орсон цас л улам нэмэгдээд хол ойрыг зорьж ч чадсангүй. Энэ цасанд басхүү улс амьтны хөл хоригдсон биз, орж гардаг хүн ч үгүй болж, уулын мухарт аргагүй л нэг хашигджээ.
Дэндэвийн нойр хулжчихаад буцаж ирсэнгүй. Хандармааг зөөлөн нударч, "босно байгаа" гэсэн авч цаадах нь амандаа ямар нэгийг гүвтнэснээ цээжээр нь яг тэвэрч тайвуухан нт аргагүй намуухан хурхирч гарлаа. Дэндэвийн сүүж чилээд өөрийн эрхгүй өндийжээ. Гарвал орчныг түнэр харанхуй нөмөрч, одод өнгөлүүлсэн эрдэнийн чулуу мэт ногоон хөх улаан өнгөөр ээлжлэн туяарна. Гэрийнх нь зүүн өмнө зүгт хүрэн шар нь лүглийн хэвтээл хүүгэтэл амьсгална. Морь харчихаад эргэтэл хөлд нь нэг юм тээглэх шиг болсноо нөмгөлсөн дээлийнх нь хормой доогуур гутлынх нь түрийнээс дээхнүүр халуу асгаад явчихлаа. Банхар нь гүйж ирээд долоов бололтой. Ер нь ингэж нялуурдаггүй сэн юу болох нь энэ вэ. Дэндэв банхрыгаа яв чи хэмээн зандартал ухасхийн бусгах шиг болжээ. Дэндэв гэрийн зүг явтал банхар араас нь нэг л их харамсалтайгаар ширтэх шиг бодогдож, хоёр далных нь хооронд халуу дүүгээд явчихав. Дэндэв арай ч ширүүлчихэв үү дээ хөөрхийг гэсэн шүү юм бодоод гэртээ оров. Хандармаа унтсаар. Дэндэв галаа өрдөжш цайгаа чанаж уув.
Нэг л мэдсэн гэгээ орж хоймрын авдар дээрх аав эжий хоёрынх нь зүмбэр жаазтай зурагнууд тодроод ирсэн байлаа. Аав нь тэр жил Дэндэвийн нэг их урамшуулж билээ. Тэр нь сүйдтэй юм байгаагүй ч Дэндэвийн сэтгэлд мартагдашгүй нандин бодол болж үлдсэн юм. Унагаа барьж байсан зуны эхэн сарын тэр өдөр Дэндэв арван дөрөв хүрч явлаа. Цас хайлуулж унасан унагадынх нь ороо догшин гэдэг хэдлэх юм биш. Дэндэв нэг унага гоходчихоод навсайсан юм чирэгдээд алга болжээ. Гэвч алдсангүй шүд зуусаар нэг сиймхий дээр нь уллаж авуут ямар ч гэсэн тогтоож билээ. Тэгтэл аав нь холоос "эр хүн" гэж хэлэх нь адуу пижигнэсэн их дуун дундаас тов тодхон сонсогдох нь тэр... Дэндэвийн цээжинд нар ургах шиг болсон доо. Өглөөд хоёр хөгшнийхөө зургийг харж суухад аавынх нь тэр үг сэтгэлд нь хангинах шиг болно. Тийн суутал жаазтай зурган дундаас нэг зураг харцыг нь татлаа. Гурван сөөсгөр охин нь гэрийн хаяа бараадан тоглож байна. Зураг авч байгааг тэд мэдсэнгүй. Дундах нь багадаа ааруул өгч байгаа бололтой сарвайжээ. Энэ бол дүүгийнх нь хийсэн ажил. Зураг авах дуртай, хүүхэд эрхлүүлэх нь дэндчихсэн хүн билээ. Энэ зургийг ч гэсэн хэрхэн авсан дүр нь Дэндэвт харагдах шиг болно. Инээд нь яасан хүрч байсан бол. Тэр ер нь тэгдэг хүн. Хүүхэдтэй хүүхэд болж шуугиад Дэндэвт загнуулсан нь нэн олон. Мөнөөх зургийг хартал хэдэн хүүхэд нь дахиад л бодогдож. "Ер нь ойрын үед очиж нэг эргэе" гэж шийдээд хэдэн малдаа өвс хаяж өгөхөөр гарлаа. Тэгтэл гэрийнх нь хаяанд нэг муу нооройсон гичий хэвтэж байх нь тэр. Ямар гээчийн үзээрийн амьтан хаанаас гараад ирдэг байна аа гэхээс Дэндэвийн цухал хөдөлж "Яв, чи" гэж зандран газраас чулуу шүүрэгчийн дүр эсгэтэл нөгөө гичий цаашаа зуларч хэдэн алхам харайсан боловч хачин номхон гөдөрсөн нүдээр ширтээд гинших мэт зөөлөн дуу гарав. Дэлэн хөх нь салбайтал унжиж, нэг нь хөлдөж хагарсан болов уу гэлтэй цус шүүрсэн байхыг нь хараад гэнэт өрөвдөж " Хөөрхий дөө, зовсон амьтан юм. Юун эрт гөлөглөдөг лүд вэ. Хэдэн гөлөг нь осгочихоо доо, жаал хоол өгчихвөл салахаа больчихдог болов уу" гэсэн ээдрэгдсэн бодолдоо тээнэглэзэн хэсэг зогссоноо яавал ч яаг дүүрсэн хэрэг гэж бодоод оройн хоолны үлдэгдлээс банхрын идүүрт хийгээд гичий рүү түлхлээ. Тэнэмэл гичий түүнийг нь үнэрлэсэн ч үгүй, харин алс хойт зүгийг харан гингэнэтэл улив.
Дэндэвийн зүрх рүү ёгхийтэл хатгуулах шиг болоод тэр амьтны тухай ямар нэг төсөөлөл төрж, өвсний хашаанаас морио гарган эмээллэж, яаруу давчуу мордтол гичий түүний бодлыг ойлгосон мэт хойт зүгийг барин "энэ зүдэрсэн амьтнаас ийм хүч бас гарлаг аа" гэж гайхмаар сунан дүүлж гарав. Дэндэв ч хоцорчихгүйг хичээн морио гуядан гуядан цогиулав. Гичий давхисаар Дуулгат хэмээх сүрлэг уулын өмнүүр духны хөндлөн сорви мэт зурайн байдаг гүн жалга руу харайн оров. Дэндэв ямар юм үздэг бол гэхээс дэнслэн дэнслэн дагаж явлаа. Тэгтэл жалганы мухарт нэг муу тарзны өөдсөн дээр гурван гөлөг бие биеэ байдгаараа шахаж бөнбөгнөтөл чичирчихсэн хэвтэж байх нь тэр. Морь тэднээс үргэж хамраа тарчигнуулан дэвхцлээ. Дэндэв бууж морио тушаад өнөө гурав руу очуут дуу алдан шогширч, гурван гөлгийг цувуулан хормойлтол дороос нь дахиад хоёр гарах нь тэр. Харин тэр хоёр нэгэнт осгоод хэрэг нь өнгөрсөн байлаа. Гэвч амьд гурвынхаа илчинд бөөр нь бүлээн байх нь тэр.
Дэндэвийн нүдэнд нулимс гүйлгэнэж "Би чинь даан ч дээ, хүн шүү дээ" гэж дуу алдаад мориндоо мордон гэрийн зүг давхилаа. Нөгөө хэдэн гөлгийг өвсөн дотор тавьчихаад гэртээ ч орсонгүй, Жаргалмаагийнд очихоор мориныхоо хар гүйхээр давхив. Хандармаа нөмгөн гараад ирчихсэн араас нь гайхсан янзтай харж байснаа "Хүүе, өвчит минь, морь тамлаж хаачих нь вэ?" хэмээн хашхирч байна. Нэг дөмөгхөн хариу хэлчихье гэж бодоод эргэн хартал нөгөө нооргор гичий нэг их ноолгор харцаар араас нь шимтэн харж байхыг үзээд юу ч хэлсэнгүй морио хорстол нь гуяджээ.

Монголын сонгомол өгүүллэг номноос.

Г.Аюурзана "Хар ая"

(Ойрд хүмүүс зохиолыг нь их уншдаг болсон юм шиг билээ. Би ч "Дурлалгүй ертөнцийн блюз"-ийг нь 6 билүү 7 жилийн өмнө уншиж л явлаа. Бусдыг нь одоогоор уншиж амжаагүй л явна...)

Нэг л хачин, тэгэхдээ юугаараа ч юм бэ сэтгэл татам аялгуу ажээ.
-Наадхиа чи өөрөө зохиосон уу?
-М-хн.
-Юу гэдэг симфони вэ дээ?
Миний асуултын шооч аясыг тэр анзаарсан бололтой, тоглохоо болиод над руу эгц ширтэж,
-"Хар ая"гэдэг юм гэх нь ууртай.
-Хар ая" аа?
Түрүүнээс хойш миний гайхлыг төрүүлж байсан бүхэн дээр энэ нэр ч бас нэмэгдэв. Гэхдээ "Хар ая" гэж нэрлэхээс ч өөрцгүй байсан мэт.
Түүний төгөлдөр хуурыг төгөлдөр хуур гэхэд хэцүү. Өнгөн гадаргуугын модыг хуулаад авчихсан тул даралтуудын дээд хэсгийн ганц хөндлөнгөөр нь нэгэн цагт бор шаргал өнгийн төгөлдөр хуур байжээ л гэж төсөөлж болно. Төгөлдөр хуур ч гэх хаашаа юм бэ, арзайсан утаснууд, нүцгэн алх цохиур сарайж сэрийх нь төгөлдөр хуурын араг яс гэвэл илүү зохимоор. "Муухай дээр улцан нэмэр" гэдэг шиг хөгжмийн цүх цагаан даралтыг ховхолжээ. Хэн нэгэн галзуу эрийн царай ч төсөөлөгдөөд ирэв. Ийм хачин ёрын ажилдаа улайрсан, хөлснөөс нь уур савссан, нүд нь махчин араатных шиг гялалзсан үзэшгүй муухай царай төсөөлөгдөх аж.
Гэтэл энэ хар даралтуудыг хараач. Гялалзаж гялтаганана. Хамгийн аймшигтай нь, бүтэн үлдсэн хар даралтууд дөнгөж өнөөдөр үйлдвэрээс гарсан мэт цоо шинэ, өчүүхэн ч сэв суугаагүй байна.
Төгөлдөр хуурын оронцог шууд газар тавигджээ. Уг нь доор нь хуучивтар хивс дэвссэн аж. Гэвч шалгүй гэрт тэр нь бүр ч тухгүй харагдана.
Гэрт хогшил гэх юм бараг алга.
Дээхнэ үеийн пүрштэй төмөр ор, намхан ширээ, өндөр нам хоёр сандал. Өндөр дээр нь тэр сууж байна. Ингээд л гүйцээ. Зуух ч байдаггүй. Ерөөсөө энд гал түлж байсан шинжгүй.
Хотын захын дүүрэг дэх шалгүй ханхай гэр. Төгөлдөр хуурын зэрэмдэглэсэн аймшигт төрх. Хоорондоо ер зохицохгүй, эргэн тойрон дахь энэ бүх зүйлс гэхдээ мөн л өөрөөр байх аргагүй мэт.
-Чи хаана төгөлдөр хуур тоглож сурсан юм бэ?
-Энд.
-Энэ төгөлдөр хуур дээр үү?
-Тийм ээ.
-Аль хэр их удаж байгаа юм бэ?
-Хоёр жил хорин гурав хоног.
Би юу гээд асуучихлаа? Яг юу асуучихсанаа өөрөө ч сайн ойлгоогүй тул, хий л амаа ангалзууллаа. Энэ хачин төгөлдөр хуурыг энд авчирснаас хойш хоёр жил хорин хэд хоног болж байгаа юм болов уу, эсвэл нөгөө галзуу эр цагаан даралтуудыг нь царилаар ховх ховх татаж эвдсэнээс хойш ийм хугацаа өнгөрсөн юм уу? Эсвэл угаасаа л ийм байсан энэ сарзгар сэрзгэр гялалзсан хар даралтууд дээр "Хар ая" хэмээх хачин дуу авиаг зохиосноос хойш хэр удаж байгааг хэлсэн юм болов уу?
Гэвч би асуусангүй.
-Тэр яах гэж ингээд эвдчихсэн юм бэ?
-Тэр..?
-Тийм, тэр яалаа гэж..?
-Та түүнийг яаж мэддэг юм бэ?
Би нөгөө улаан царайт эрийг л бодсоор байв. Тийм амьтад л төгөлдөр хуурыг царилаар балбаж мэднэ. Тийм амьтад... Хаа ч юм бэ, яг тийм царайтай хүн харсан л байх нь. Тэгээгүй бол би хаанаас бүр нэг таньдаг юм шиг, төгөлдөр хуур эвдэж байхыг нь харсан юм шиг өөртөө итгэлтэй байх вэ...
-Тэр "Цагаан ая"-нд дургүй байсан юм. Цагаан аяыг тоглуулахгүй гэхдээ түүнийг барьж байгаад... гээд үүдний зүг заав. Тэнд урт царил хэвтэнэ. Харин өмнө нь ер анзаарсангүй. Яг л миний төсөөлсөн шиг царил байна.
-"Цагаан ая"-аа бас л чи зохиосон уу?
-Тийм ээ. Танд тоглож өгмөөр л байна. Даан ч энд нэг ч цагаан даралт үлдээгүй. Түүнээс бусад бүх хүнд "Цагаан ая" таалагддаг байсан. Түүнд л таалагдаагүй.
-Тэгээд "Хар ая" таалагдсан уу?
-"Хар ая"-г зохиох үед тэр эзгүй байсан. Явчихсан байсан. Суучихсан байсан.
-Суучихсаан?
-Шоронд.
-Ямар хэргээр шоронд орсон юм бэ?
-Хүчингийн...
Надад нэг л эвгүй болчихов. Энэ гэрт... Гадаа хүүгэх нармын салхи гэрийг нэвт сийгэнэ.
-Би "Хар ая"-ыг чинь ахиад нэг сонсч болох уу?
Тэр юу ч хэлэлгүй ахин тоглов. Намайг дуу хураагчаа халааснаас гаргах үед эхний хоёр гурван өнгө нэгэнт дарагдсан байлаа.
Бүсгүйн царай хувхай цайж, жимийсэн уруул нь чичирнэ. Гар нь нэг л эв дүй муутай харагдавч , арзгар төгөлдөр хуураас яавч хоосон, утга учиргүй зүйл гэхээргүй этгээд содон хөгжим уянгална.

Тэр бол миний анхны өвчтөн байсан юм. "Ганцхан удаа гэртээ оччихоод ирье. Ахиж би хэзээ ч, юу ч танаас гуйхгүй" гэж надтай уулзангуутаа л гуйж, гараас минь зуурчихаад тавихгүй байж билээ. Би ерөнхий эмчийг гуйж байж арайхийн зөвшөөрүүлээд, такси хөлслөн, Шар хадны эцсээс Долоон буудал руу явсан сан. "Хар ая"-аа ахин нэг тоглочихоод тэр гэрээс гарч, үүдийг дугуй төмрөөр даруулан цоожлоод түлхүүрээ хажуу айлдаа тавьж билээ.
Тэр явдлаас хойш тав зургаан сарын дараа би эмчийн ажлаа орхиж, ганзагын наймаанд явсан. 1991 он юм байна. Наймааны алтан үе дуусахад, хувийн эмийн сан нээсэн. Энэ ч танд сонин биш биз дээ.
Саяхан хүү маань:
-Энэ юу юм бэ? гээд жижигхэн хуурцаг үзүүлэв. Миний хуучин цаас, элдэв юмсын хогон дотроос олсон, сонсоод үзвэл тэнд бичигдсэн ая их таалагдсан гэж байна. Хуурцган дээр "Хар ая. 1990.10.9" гэсэн миний бичиг байв.
Хуурцгийг би хүүтэйгээ зэрэгцэж суугаад сонслоо. Нэг л хачин. Зүрх өвдмөөр аялгуу гэж байдаг уу, эсвэл яг тэр үед зүрх өвдөв үү, мэдэхгүй. Би тэсэлгүй хөгжмийг унтрааж орхиод,
-Аль дээр үеийн, галзуугийн эмнэлгийн нэг өвчтөний л зохиосон ая байна. Өрөө рүүгээ яв. англи хэлээ үз. гээд хуурцгийг хурааж авлаа.
Шөнө нь нойр хүрдэггүй. Эмч байхаасаа хойш хэрэглээгүй жижигхэн дуу хураагчаа эрж олоод, "Хар ая"-ыг орон дотроо чихэвчээр сонсов. Хэд хэдэн удаа сонслоо. Үнэнийг хэлэхэд, би хөгжим сонирхдоггүй л дээ. Гэвч сонсмоор санагдаад болж өгдөггүй.
Маргааш би тэр үед сэтгэцийн эмгэг судлалын эмнэлгийн ерөнхий эмч байсан Жүгдэр гуайнх руу очлоо. Товчоор хэлэхэд, өнөөх өвчтөнөө л сурагласан хэрэг. Тэтгэврийн өвгөд цөмөөрөө л уймраа болж гүйцдэг сэн. Харин Жүгдэр гуай бүр хөнгөн шингэн болжээ. Ой ухаан нь ч саруул. "Төгөлдөр хуур тоглодог охин уу?" гээд тун ч сайн мэдэж байсан юм.
Хэд хоногийн дараа Шар хад руу явлаа. 1990 оны өвчтнүүдийн түүхийг нэгжээд дараа нь бүр 1991, 1992 оныхыг үзээд ч түүний тухай юу ч олсонгүй. Жүгдэр гуай руу утасдвал,
-Байх л ёстой доо. Би бүр сайн санаж байна. Чи сувилагч нараас асуу. Уржнанхан л, намайг тэтгэвэртээ гарахад охин байж л байсан даг гэв.
Ихэнх сувилагч жаахан охид. Миний үе тэнгийн сувилагч ганцхан байсан нь өнгөрсөн жил Ховдоос шилжиж иржээ. Ингээд миний эрэл мухардлаа. Долоон буудлын чухам хаахна тэлнийх байсныг санадаггүй. Яг л нөгөө гэрэрхүү навсгар хашаа нэгийг олсон ч, нохой хорьж өгсөн малигар улаан эр:
-Юун төгөлдөр хуур? Юун хар, цагаан ая? Юун Шар хадны эмнэлэг? Чи өөрөө галзуу юм уу? хаашаа юм бэ? гэж эг маггүй загнаад, хашааныхаа хаалгыг тас хийтэл хаачихав. "Зуудаг нохойтой Аюултай"гэж муруй саруй бичсэн хавтгай мод хашаан дээр хадаатай байгаа нь нэг л танил санагдлаа. Тун сайхан, бор шаргал мебель байж ээ дээ.

Мөнөөх хуурцгаа би сонссоор л байлаа. Дараа нь Чайковский нэгдүгээр концерт, Клайдерманн, бас хэн хэн ч билээ, төгөлдөр хуурын аязтай СД хэд хэдийг авч сонслоо. Аль нь ч "Хар ая"-д хүрэхгүй санагдав. Шуманы нэг аяыг л тооцохгүй бол... Гэхдээ Шуман ч миний сэтгэлийг "Хар ая" шиг татсангүй.
Нэг шөнө би хачин зүүд зүүдэллээ. Нөгөө гэрт, нөгөө төгөлдөр хуурын араг ясан дээр, нөгөө бүсгүйн гар гялалзсан хар даралтууд дээгүүр гүйх аж. Тэгтэл гар хүрсэн даралт бүр нь ховхрон унасаар ая дуусахад төгөлдөр хуур нэг ч даралтгүй болчих юм. Тэгтэл нэг ч даралтгүй төгөлдөр хуурын ард суусан бүсгүй гараараа хоосон агаар тэмтчихэд өөр нэгэн ая дуурсав. Өмнө нь огт сонсоогүй тэр аялгуу намайг маш ихээр аз жаргалтай болгож буйг мэдэрлээ.
Сэрэхэд чих тун их өвдсөн байв. Чихэвчтэйгээ унтчихжээ. Хуурцагны бичлэггүй хальс чахран эргэж байлаа.
Тэгээд би төгөлдөр хуур авахаар шийдсэн юм. "Маш сайн төгөлдөр хуур хямдхан зарна" гэсэн зарлалаар явж очвол, олны танил хөгжмийн зохиолчийнх байж таарав.
"Красный Октябрь" бол үнэхээр сайн төгөлдөр хуур даа. Хөгөө алдана гэж байхгүй. Цагаан давааны хог дээр "Красный Октябрийн" сэг хэвтэж байсан гэж байгаа юм. Мултарч унаагүй хэлэн хар даралтыг нь тэр хавиар кино зураг хийж явсан миний нэг шавь саваагүйрхээд дараад үзвэл, яг л өнгөөрөө дуугарсан гэж байгаа юм даа. Гайхалтай сайн хийсэн хэрэг шүү. гэж ярихад нь "Нөгөө төгөлдөр хуур" хэмээн өөрийн эрхгүй бодогдож билээ.
Би хөгжмийн зохиолчид мөнгө тоолж өгөхдөө хуурцгаа бас өгчихсөн. Одоо налад "Хар ая" хэрэггүй. "Цагаан" нь хэрэгтэй.

Монголын сонгомол өгүүллэг номноос.

Monday, June 29, 2009

Монголын сонгомол өгүүллэг


1920-иод оноос эдүгээ хүртэл Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор.
За ямар өгүүллэг оруулдаг юм билээ байз. Энд тэнд их бичигддэгээс нь бус ховор үзэгддэгээс нь бичнээ.

Saturday, June 27, 2009

Монголын сонгомол яруу найраг



Саяхан уншсан номоо танилцуулж ганц нэг жишээ оруулъя өө.
Монголын сонгомол яруу найраг Эртнээс эдүгээ хүртэл Г.Аюурзана Л.Өлзийтөгс нарын сонголтоор
гэдэг ном байгаам.

Хүннүгийн гунигт дуу
Цагаан уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо.
Ягаан уулаа алдаад
Авгай хүүхнүүд минь энгэсэггүй боллоо... Нийтийн тооллын өмнөх -121 он.

"Оюун түлхүүр"-ээс
...Хаан хүн хамаг эрхийг төгсөвч
Хайрлах сэтгэл үгүй болбоос
Хамагт аргагүй хөнгөн болмуй.
Хатан хүн хамаг сайхныг төгсөвч
Ааль муут болбоос
Харин төрхөмдөө буцаж буг болмуй.
Түшмэл хүн есөн эрдмийг төгсөвч
Түвшин сайн сэтгэлгүй болбоос
Хорт чоно мэт жигшигдэхүйн тул
Төв сэтгэлийг ихэд хичээ.

Арслан мэт ноёныг
Барс мэт түшмэд дагах,
Барс мэт ноёныг
Ирвэс мэт түшмэд дагах,
Ирвэс мэт ноёныг
Чоно мэт түшмэд дагах,
Чоно мэт ноёныг
Үнэг мэт түшмэд дагах тул
Хамаг дор зовлон болмуй.
Уг сургаал шүлгийг Чингис хаан 1162-1227 зохиосон гэж үздэг.

Б.Явуухулан 1957 он.
Архи хийсэн сав
Согтсон гэж дуулаагүй ээ, би
Дурлал амссан зүрх
Ханасан гэж сонсоогүй ээ, би.


За тэгээд зураг дээрх хүмүүийн шүлгүүдээс зөндөө л орсон байсан. Бүгдээс нь оруулна гэвэл ч... Бидний сайн мэдэх шүлэг байхад огт сонсож байгаагүй шүлэг ч байна лээ.

Monday, June 22, 2009

Ээлжит...


14-ний бүтэн сайнд ээлжит ургацаа хураагаад 3-уулаа. Амар ч юм уу дөө, хүний тарьсан төмсийг хураагаад авчдаг, хэхэ. Уг нь тэд нар тарихдаа хэлж байх ёстой байхгүй юу тээ. Тэгвэл очоод тарилцана ш дээ тээ. 10 кг үрийн төмсөөр хөөрхөн хэмжээний төмс авдаг юм билээ. Ямар ч байсан настайвтар 2 хөгшний нэлээд сарын хэрэгцээг хангадаг гэсэн. Япон хүмүүс төмсийг байнга идээд байдаггүй юм билээ. Тэхээр хангалттай учраас бид 3-т илүүчилдэг юм шиг байгаан. Бас сонгино хураагаагүй ч гэлээ бэлгэнд авсан хэхэ. За тэгээд таньж мэддэг япон өвөө эмээ нар их ажилсагаа. Алгын чинээхэн газрыг тордоод л байна, тордоод л байна. Тэгээд л под хийсэн ногоо авчихна. Монголд би ээж аавыгаа ногоо цагаахан тариарай л гэдийн. Манай 2 гэхдээ зүгээр суугаагүй ээ дараа тусад нь бичнээ...
Хураасан төмснийхөө зургийг баярласандаа болоод аваагүй байхымаа.

Saturday, June 20, 2009

Дурсамж

Охиноо 1 жилийн дараа энд авчирахад 3-тай байсым. Монголоор ус цас, сул үг энэ тэрийг мундаг хэрэглэдэг байлаа шд. Бид 2 бүр гайхаад өхөөрдөөд, идчихмээр санагддаг байж билээ. Тухайн үед миний хэнз хурга, унага гээд олон шүлэг,дуу, бүр алтан загасны үлгэрийн эхний хэсгийг цээжээр уншдаг ирсийм. Тэр дундаа ногоон торгон дээлээрээ гэж ирээд л дуулдаг байж билээ. Одоо энэ дууг сонсохоор охины минь тэр дүр зураг санагдаад байдым.

Thursday, June 18, 2009

らっきょう&shallot






Өнгөрдөг хагас сайнд охин бид 2-ын хийсэн ажил. Арвин их ургацтай. Түрүү жил бас дарсын. Блогтоо оруулж амжаагүйм. Миний байгаа Тоттори муж нь раккёо гэдэг ногоогоороо алдартай. Элсэрхэг хөрсөнд тарьдаг юм билээ. Цэцэг нь их гоё чернелийн ягаан өнгөтэй, намар гардаг гэсэн. тэр нь бас жуулчдын тоог нэмэгдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ лээ. Дараа зураг үзүүлнээ. Бидэнд хураахад амар гээд хэсэгхээн газрыг үлдээгээд өвсийг нь зулгаачихсан байсан учраас шарласан байна лээ. Тарих явцад яг ямар арчилгаа шаарддаггийг нь сайн мэдэхгүй. Мэдээж хөрс нь элсэрхэг учраас хөрсөө нэлээд бордож өгдөг гэсэн. Хурааж авсан раккёогоо тусгай заазуураар үндэс, ишийг нь огтолж хаяна. Дараа нь усанд дэвтээж хальсыг нь авна. Ингээд нэг иймэрхүү гөлчийсөн цагаан болохоор нь тусгай зориулалтын цуунд хийж дарна. 1 сар орчим болоод идэж болно, удаан дарах тусмаа сайн.
Японы муж бүрт өөр өөрийн газар зүй, цаг агаарын онцлог энэ тэрээсээ хамаарч заавал нэг нэрийн бүтээгдэхүүнтэй байдаг нь их таалагдаад байдаг юм. Ийш тийшээ юманд явахдаа бэлгэнд аваад ирнэ их дажгүй, өөрсдөө бас хаа нэгтээ явахдаа энэ раккёог их авч явдаг болоод байгаа. Өө тийм хамгийн чухал зүйлээ бичээгүй байна. Энэ ногоог өдөр бүр 4-5 ширхэгийг идэж байвал цус шингэрдэг гэсэн. Япончууд curry rice-тай голцуу иддэг юм билээ.

ЖИЧ: Энэ ногоог яг юу гэж орчуулахаа сайн мэдэхгүй их будилдаг юм. Мэдэх хүн байвал хэлж өгч туслаарай.

Tuesday, June 16, 2009

宇多田ヒカル

Оюутан байхад бидний хэдэн оюутан кассетийг нь дамжуулж сонсоод л. Надад их олон кассет байдаг байж билээ, одоо ч монголд "Бямбаагийн өмч гар хүрч үл болно" гэсэн хайрцганд маань явж л байгаа байх даа. Хэ хэ. Нэг зүйл санаанд орчлоо байна. Түрүү зун нэг юм хайгаад нэг хайрцаг ухсан чинь инээдтэй инээдтэй юм гарч ирээд. Гэрт байсан хүний өөрийн дүү нартаа хамж өгөөд ирсэн. Манай хэд болж өгвөл миний нэр дээрх бүх хайрцгийг ухуулчих санаатай байна лээ, даанч би ажилтай гээд гар хүрээгүй, тэд ч угаасаа гэр хүрэх эрхгүй хэ хэ.
За за дуугаа сонсогтий